Õ¿íí¿ ã¿ðíèé ò¿¿õ

2011-09-15,

Монголчууд Хүннү гүрний түүхээ хэр сайн мэддэг вэ?
Хүннү улс байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан  Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн танин мэдэхүйн цуврал материалууд гаргаж байгаа билээ.

УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГ ШИНЖЛЭХ УХААНЧ ХАНДЛАГААР СОЛИГДСОН Нь

Монголчууд өөрсдийгөө хүннүгийн үр хойчис хэмээн эрт цаг үеэс тооцдог байсан. Чингис хаан Чанчунь бумбад 1219 онд илгээсэн захидалдаа өөрийн сэргээн мандуулсан төр улсыг Хүннү гүрний залгамж буюу манай Шаньюйн улс хэмээн шууд хамаатуулж байжээ. Мөн Хүннү гүрний цэрэг-захиргааны "аравтлах" зарчмыг Чингис хаан бараг тэр хэвээр давтсан нь Монголчуудын хүннүгийн төрийн түүхийн талаарх мэдлэгтэй холбон үздэг.
XYII-XYIII зууны үеийн Монголын түүхийн тулгар бичгүүдэд ди, ху, хүннү нарыг "Монголчууд" хэмээн бичиж байв. Тухайлбал, Рашпунцаг 1775 онд бичиж дуусгасан "Болор эрх" зохиолдоо хүннүчүүдийн өвөг дээдсийн гарвалыг Хятадын эртний домгийн эзэн хаадтай холбон, тэдний хожмын удам мэтээр гуйвуулан үзүүлэхийг оролдсон хэмээн хатуу шүүмжлэн, хүннү гэхийн оронд Монголчууд гэж бичээд Хүннү Улсын гол цөм нь монгол хэлтэй аймаг байсан гэсэн санааг тодорхой илтгэсэн гэж судлаачид дүгнэжээ.

XX зууны 30-аад он хүртэл манай түүх бичлэгт хүннүчүүдийг угсаа гарвалын хувьд төдийгүй улс төрийн талаар Монголчуудтай салшгүй холбоотой хэмээн үзэж байлаа. Энэ үзэл нь XIII зууны
Монголчуудад төлөвшөөд байсан нь хүннүчүүдийн тухай аман түүхийн мэдлэгтэй салшгүй холбоотой юм.

Аман түүх нь хожим түүх бичлэгийн хэлбэрт уусан "монгол" хэмээн шууд бичих болсон юм. Монголчуудын энэхүү уламжлалт мэдлэгийн хүрээг XX зууны 20-иод оноос эрчимтэй хийгдэх болсон Ноён уулын археологийн судалгаа ихээхэн тэлж, түүхэнд домгийн шинжтэй бичлэгээс шинжлэх ухаанч хандлага нэвтрэх үүд хаалгыг нээсэн.

ХҮННҮГИЙН ТҮҮХИЙГ ШИНЖЛЭХ УХААНЫ АРГААР СУДАЛЖ ЭХЭЛЛЭЭ

1924 оноос хийгдэх болсон Ноён уулын судалгаа нь 100 гаруй жилийн түүхтэй, дэлхийн хүннү судлалын дан хятад сурвалжийн мэдээг мөлжин хүннүчүүдийн угсаа гарвал, хэлний асуудлыг тойрсон маргаан өрнүүлэхээс төдий л хэтрээгүй явцуу хүрээг тэлж, Монголчуудыг хүннүгийн түүхийг шинжлэх ухааны аргаар судлах ажлын эхлэлийг тавьсан байна.

Ж.Цэвээн, А.Амар, Ц.Доржсүрэн, Г.Сүхбаатар, Ц.Хандсүрэн болон бусад судлаачдын хүннүчүүдийг хожмын Монголчуудтай олон талаар ижилхэн хандлагатай байсныг батлахад булшны хэрэглэгдэхүүн чухал үүрэгтэй байжээ. Монгол, Өвөр Байгалийн нутагт тэмдэглэгдээд буй хүннүгийн "язгууртны" гэгдэх булшны бүтэц Ноён уулынхтай адил учраас 1970-аад онд Н.Сэр-Оджав "Ноён уулын соёл" хэмээн тусдаа нэрлэх санал дэвшүүлсэн нь түүх бичлэг шинэчлэлийн өнөө цагт анги давхаргаар ялгаварлаагүй зөв нэр томъёо хэмээн судлаачид дэмжиж байна.

Эхэн үеийн түүх бичлэгийн томоохон бүтээлийн тоонд А.Амарын 1934 онд туурвисан зохиол зүй ёсоор орно. Тэрээр Хүннү гүрэн олон овог аймгийг захиргаандаа оруулсан байсны дотор Монголчууд багтаж байсан нь Хүннү улсыг Монгол мөн, биш хэмээн маргах шаардлагагүйг батална гэж үзсэн юм.

Ер нь манай судлаачид түүх, археологи, антропологи, хэл шинжлэл, угсаатан судлалын төдийгүй генетикийн зэрэг олон салбар судалгааны үр дүнд Монголчуудын өвөг дээдэс хүннүгийн цөмийг бүрдүүлж байсан гэдэгтэй санал нэгддэг.

СУДЛААЧДЫН ХҮРТЭЭЛ БОЛСОН БҮТЭЭЛ ХҮННҮ СУДЛАЛЫН АМЖИЛТ БАЙВ

Эртний хятадын түүхийн голлох сурвалж дахь хүннүгийн түүхэнд холбогдох мэдээ сэлтийг бараг бүхэлд нь түүвэрлэн өрнөдийн хэлнээ сийрүүлэн судлаачдын хүртээл болгосон нь 1980-аад оноос өмнөх үеийн хүннү судлалын голлох амжилт байлаа. Тухайлбал, Н.Я.Бичурин, Н.В.Кюнер, В.С.Таскин нар гурван төрийн түүхэн дэх хүннүгийн бүлгийг орос хэлнээ орчуулан тайлбартай хэвлүүлсэн нь Орос төдийгүй өрнө дахины хүннү судлалд үнэлж баршгүй хувь нэмэр болсон байна. Гэвч 1980, 1990-ээд оны өмнөх Хүннү судлалд үзэл суртлын хуваагдмал байдал нөлөөлж, түүний нийгмийн байгууллын бүтэц, хэв шинжийн талаар голлон маргаан өрнөж байв.

Зөвлөлтийн өмнөд нутгийн дийлэнх нь тухайн цагтаа Хүннүгийн захиргаанд байсан учраас түүний нийгэмд хятад зүгийн нөлөө бага туссан гэсэн үзэл байв. Гэтэл түүнийг сөргүүлэн нүүдэлчдийн ертөнц суурьшмал иргэдээс буюу хятадын иргэншлээс хараат хэмээх түүх бичлэгийн хандлагуудад хуваагдаад байсан юм. Нүүдэлчдийн нийгмийн байгууллын зарчмыг таван гишүүнт онолын хүрээнд тайлбарлахад улам бүр төвөгтэй болсоор "нүүдлийн феодализм" хэмээх загварт хүрчээ.

Х.Хатан


бичсэн: Tuuh-Niigem төрөл: Түүх, нийгмийн ухаан