Õ¿í ä¿ðñò ìè÷

2011-06-17,
Америк, Британийн судлаачид Australopithecine (хүний дээд өвөг)-ийг судалжээ. Australopithecine нь оюун ухаант өнөөгийн хүний дээд өвгийн хоёр дахь үеийн хүн дүрст амьтан юм. Сүргийн зохион байгуулалттай амьдардаг, бичийн дараагийн үеийнхэн нас, хүйст тохируулан өөр эрх үүрэгтэй байсныг эрдэмтэд тогтоосон байна. Сонирхол татахуйц дүрэмтэй тэдний эмэгтэйчүүд нас биед хүрсний дараа сүргээ орхин харь "гэр бүл"-тэй нийлэхээр эрсдэлтэй аялалд гардаг байсан бол эрчүүд нь насан эцэслэтлээ төрөлх сүрэгтээ үлддэг байж. Энэ нээлт хүний олон үеийн өвгийн амьдралын тухай хамгийн нууцлаг хэсгийг тайлсан явдал юм. Саяхныг хүртэл, тэднийг хэрхэн сүрэглэн амьдардаг, нас, хүйсээс хамаарч ямар эрх үүрэгтэй байсан нь нууц байв. Мөн тэдний уг гарлын талаар өнөө хэр нэгдсэн ойлголтод хүрээгүй байсан юм. Юутай ч Gorilla gorilla, Gorilla beringei хэмээх гориллын хоёр төрөл, Pan troglodytes буюу нийтлэг шимпанзе зэргийн аль нэгнээс үүссэн гэдэгт эрдэмтэд эргэлздэггүй. Учир нь биеийн ерөнхий төрх дээрх сармагчидтай төстэй. Түүнчлэн илүү ухаалаг зохион байгуулалттай амьдардаг эдгээр бичнээс үүссэнийг Australopithecine-ийн амьдралын хэв маяг зарим талаар нотолдог байна. Жишээ нь, шимпанзе, горилла Australopithecine-ийн адил сүрэглэн амьдардаг. Эр шимпанзе нас бие гүйцэхээр эцгийнхээ сүргийг орхидог. Харин эмэгчин нь төрөлх сүрэгтээ үлддэг. Харин горилла сүргийн толгойлогч илүү нарийн шаардлага тавьдаг. Насанд хүрсэн бүх горилла гэр бүлээ орхидог. Удирдагч горилла ноёрхлоо үхэн үхтлээ авч үлдэхийн тулд эрэгчнүүдийг нас бие гүйцэнгүүт хөөдөг бол удирдагчийн "эхнэр" байр сууриа алдахгүйн тулд залуу эмэгчингүүдийг хөөдөг. Australopithecine горилла шиг ургамлаар хооллохын сацуу тэжээлийнхээ цөөн хувийг шимпанзе шиг сэг улайнаас бүрдүүлэх дуртай холимог идэштэн байжээ. 3.5-2.4 сая жилийн өмнө өнөөгийн Өмнөд Африкийн нутагт үүссэн тэд 1-1.5 метр өндөр, 20-45 кг жинтэй, 425-450 шоо см уураг тархитай байжээ. Хүний үүслийн хоёр үеийн төлөөлөгчийн ул мөр 1936 онд анх олдсоноос хойш чулуужсан үлдэгдэл нь цөөн удаа л олдоод байна. Тэд хүнтэй төстэй чих, дух, хөмсөг, жижиг навтгар хамартайн дээр үсэрхэг биетэй ч мөр, дал, нуруу хэсгээрээ шингэн, толгойдоо илүү өтгөн үстэй. Британийн Оксфордын их сургуулийн антропологич Жулия Ли Торп, Америкийн Колорадогийн их сургуулийн антропологич Сэнди Коплэнд нар Өмнөд Америкийн хоёр агуйгаас олдсон Australopithecus-ийн шүдийг шинжилж 1.8-2.2 сая жилийн өмнө амьдарч байсан эрэгтэй, эмэгтэй Australopithecus-ийнх болохыг тогтоосон юм. Шүднээс кальцитай төстэй металл стронцийн изотоп олджээ. Олон мянган жил хадгалагдсан тэдгээр шүдний эр Australopithecus-д стронци байсан бол эмэгтэйд нь байгаагүй аж. Яс, шүдэнд хуримтлагддаг уг элементийн орд эртний хүмүүс олдсон агуйн ойролцоо байдаг бөгөөд олон жилийн турш ургамлын үндэс, амьтнаар дамжуулан уг металлыг эрчүүд нь биедээ хуримтлуулжээ. Үүнээс эртний хүн дүрстний эр нь насан туршдаа нэг газраа амьдарч, эмэгтэйчүүд нутаг сэлгэдэг байсан гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрсэн байна.
бичсэн: Tuuh-Niigem төрөл: Шинэ мэдлэг