Монголд хамгийн өндөр нь Арсайн хүрхрээ

2013-08-08,

Өндрөөс унах усны гайхамшигтай үзэгдэл, сүрлэг нүргээн, ойр орчмын содон байгаль зэрэг нь дэлхийн хаана байрлахаас үл хамааран хүрхрээ рүү хүн бүхнийг эрхгүй соронз мэт татдаг.

Африкийн Виктория, АНУ, Канадын хил дээрх Ниагара, дэлхийн хамгийн өндөр, 1020 метрээс унадаг Венесуэлийн Ангел зэрэг хүрхрээг үзэх гэсэн тив тивийн жуулчдын хөл жилийн дөрвөн улиралд тасардаггүй.

·         Манай орны хувьд гадаад, дотоодын жуулчин гийчдийн үзэхийг зорьдог хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг бол яах аргагүй Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт орших Орхоны баруун бие болох Улаан гол дахь Улаанцутгалангийн хүрхрээ.

Ус ихтэй жил 10 гаруй метр өргөнтэй болж 25 метрийн гүнээс буудаг энэ сүрлэг хүрхрээ 20 мянган жилийн тэртээ галт уул дэлбэрснээс үүдэн бий болжээ.

Одоогийн Цагаан азарга голын эхэнд галт уулын хэвлийгээс гарсан халуун хайлмал Орхоны хөндийгөөр уруудан урсч маш зузаан хүрмэн хучлага үүсгэсэн аж. Орхон гол хүрмэн хучлагыг зүсч урссаар Улаан цутгалангийн хавцлыг бий болгосон гэх. Улаан цутгалангийн хүрхрээгээс баруун хойш Бага хүрхрээ гэдэг боргио ч бас байдаг юм.

Орхон гол Гятрууны нуруунаас Хархорин хүртэл 130 км-ийн турш галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг ажээ.

Энэ хүрхрээний нэрний тухай нэгэн домог нутгийн иргэдийн дунд ихэд түгжээ. Зуун жилийн өмнө монгол цэрэг гамингуудын илт давуу хүчтэй тулалдан аргагүйн эрхэнд ухарч амь дүйж яваад Орхон голыг нэгэн гармаар гаталж гэнэ. Тэгэхэд нэг номтой цэрэг “Улаан гол минь улаанаар урс” гэж дуу алджээ

Төдөлгүй үер бууж араас нь хөөж байсан гамингууд бүгд живж үхжээ. Тэр цагаас хойш хүрхрээг улаан цутгалан гэх болсон аж. Харин гамингийн цогцос голоор урсан доор хөндийд бөөгнөрсөн газрыг Хүүртийн хөндий гэх болжээ. Тэр нь он цагийн уртад Үүртийн хөндий болж хувирчээ.

Ер нь Хангайн нуруунаас эх авдаг Орхон гол 1124 км урттай бөгөөд Сэлэнгэ мөрөнд нийлдэг билээ. Улаанцутгалангаас өөр хүрхрээ манай оронд цөөнгүй байдгийг тэр бүр хүн мэддэггүй.

·         Мөнх цаст Алтайн сүрлэг уулсын дунд, хүн хүрэхэд амаргүй газар их, бага олон хүрхрээ байдаг аж. Тэдгээрээс Баян- Өлгийн аймгийн Хотон хурган нуурын баруун эрэг, Бага түргэний амны хүрхрээ хамгийн өндөр нь. Бага түргэний хүрхрээ 36 метрийн эгц цавчим хаднаас хоёр шатлалтайгаар урсдаг байна. Үүнээс холгүй 10 метрийн өндөртэй Цагаан усны голын хүрхрээ гэж бас байдаг ажээ.

·         Түүнчлэн Монгол Алтайн нурууны салбар уулсын нэг Жаргалант Хайрхан уулын Рашаантын амны дээд хүрхрээ 25 метр, доод хүрхрээ 15 метрийн өндөртэй. Мөн Увс аймгийн Ховд сумын нутагт Шивэрийн голын зүүн цутгал Гоожуурын голд 17 метрийн өндрөөс унадаг нэгэн хүрхрээ бий.

·         Нутгийнхан Хүрэн ханангийн хүрхрээ гэж нэрлэдэг ажээ. Харин Монголын хамгийн өндөр хүрхрээ Хөвсгөл аймагт бий.

·         Тус аймгийн Хорьдол Сарьдагт орших Арсайн хүрхрээ өндрөөрөө гурван Улаанцутгалантай дүйх аж. Арсайн хүрхрээ 70 метрийн өндрөөс буудаг юм байна.


бичсэн: Tuuh-Niigem төрөл: Шинэ мэдлэг