Үс сайхан бол зүс сайхан .

2011-03-25,
Монголчууд үс сайхан бол зүс сайхан гэдэг. Гэхдээ эрүүл үстэй байх нь сайхан харагдахын эхлэл. Хүний толгойд 100-150 мянган ширхэг үс байдаг бөгөөд өдөр бүр унаж байдаг нь хэвийн үзэгдэл аж.

Тодруулбал, нэг ширхэг үс гурван жилийн настай байдгаас өдөрт 70-100 ширхэг үс унаж, солигддог байна. Үсийг хөндлөн огтлолоор нь дугуй, хагас дугуй, хавтгай гэж гурав хуваана. Хэрэв хөндлөн огтлол нь дугуй бол шулуун, хагас дугуй бол буржгар, хавтгай бол эрчирч мушгирснаас ширэлдэж ургадаг байна.

Мөн үсийг хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн дөрвөн төрөлд хуваан үздэг аж. Хэрэв таны үс зөөлөн налархай, ширэлддэггүй, хялбар самнагддаг, хэлбэрт ордог бол эрүүл сайхан үстэй гэсэн үг аж.

Хэвийн үс нь гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагддаг. Тослог үс нь бүрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсөний дараа тослогтож, хиртсэн юм шиг болдог. Олдмол болон удамшлаас шалтгаалсан толгойн хуйхны булчирхайн идэвхжлээс хамааран үс тослогтдог аж.

Хуурай үс нь гэрэл муу ойлгодог учир бүрсгэр өнгө муутай харагддаг бөгөөд гялтганадаггүй. Ийм үс нь амархан хугарч, орооцолдож ширэлддэг үзүүр нь салаалдаг байна.

Үс хуурайших нь зөвхөн буруу арчилгаанаас улбаатай гэнэ. Харин урт үсний хувьд булчирхайнаас ялгарч буй тос үсний уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдгаас холимог гэдэгт багтдаг. Урт үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, зөв хоолны дэглэм шаарддаг байна.

Үсийг химийн бүтцээр нь задалбал 50 хувьд нүүрс ус, 23 хувьд нь хүчилтөрөгч, 17 хувьд азот, зургаан хувьд устөрөгч, дөрвөн хувьд хүхэр, арван хувьд ус агуулагддаг аж. Харин бүтцийн хувьд гурван давхаргаас бүрддэг байна. Хамгийн гадна талын давхаргыг хайрсан, дунд давхарга буюу холтослог, үсний гол давхаргыг тархилаг гэдэг аж.

Хайрсан давхарга нь үсний голд байгаа чийг болон уургийг гадагш гаргахгүйгээр хамгаалах үүрэгтэй. Будаг, хими хийлгэх, хатаагчаар хатаах нь энэ давхаргыг гэмтээж, үсийг өвчлүүлдэг байна. Мөн хооллолтоос хамаарч үс гэмтдэг гэнэ. Тухайлбал, хоолны дэглэм барих үед уураг, амин дэм, эрдэс бодисын дутагдалд орсны улмаас үсийг гэмтэж, улмаар өвчилдөг байна.

Гэмтсэн үс нь өнгөлөг бус, үзүүр нь тэгш бус, самнахад хэцүү, хэвэнд муу ордог, гялалздаггүй, байнга хугарч унадаг гэнэ.

Үсний өвчлөл олон янз байдаг байна. Унах, халцрах, хагтах, хугарах, салаалах зэргээр өвчилдөг. Аливаа өвчлөл нь үсний өнгө гундахаас эхэлдэг аж. Үсний янз бүрийн гэмтэл, өвчлөлийн үед цайр, цахиур, төмөр, зэс, хүхэр зэрэг эрдэс бодисыг агуулсан амин дэм уухыг зөвлөдөг байна.

А болон Е амин дэм нь арьсны үйл ажиллагааг хэвийн болгож, үсний ургалтад нөлөөлдөг бол С болон Е амин дэм нь хөгшрөлтөөс сэргийлдэг, В бүлгийн амин дэмүүд нь үсний ургалтад сайнаар нөлөөлдөг байна. Тухайлбал, унаж эхлэх, халцраад эхэлбэл A амин дэмийг хуйхандаа түрхвэл хэдхэн хоногийн дараа үр дүнгээ өгдөг байна.

Үсний өвчлөлөөс гадна хаг олон хүнийг зовоодог. Хаг нь хуйхны эсүүдийн хэт хурдан шинэчлэн солигдсоноос үүсдэг байна. Мөн зарим тохиолдолд өвчний улмаас үс хагтдаг аж.

Сайхан үстэй байх нь угаалтаас эхлэлтэй гэнэ. Гэхдээ үсэндээ тохирсон шампунь сонгох нь чухал. Угаахаасаа өмнө самнавал угаасны дараа орооцолддоггүй амархан хэвд ордог байна. Мөн угаасны дараа үсээ чанга арчихгүй байх нь чухал. Богино үсийг угаас нь харин урт үсийг үзүүрээс нь дээш ахих замаар самнах хэрэгтэй аж. Үсийг нойтон байхад нь самнах нь буруу ба зайлшгүй тохиолдолд төмөрлөг биш хуванцар, модон самаар самнах хэрэгтэй. Үсийг хатаах хамгийн шилдэг арга бол өөрөөр нь хатаах явдал бөгөөд зарим тохиолдолд халуун алчуур хэрэглэх нь зүйтэй.

Хэрэв үсээ сэнсээр хэлбэрт оруулах шаардлагатай бол хүйтэн сэнсээр толгойноосоо 40 см хэртэй зайнаас барьж үлээлгэх учиртай гэнэ. Түүнчлэн эрүүл, гялалзсан үстэй болохын тулд хими, будаг зэргээс татгалзахаас өөр аргагүй ажээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax