Тайлагдашгүй нууц

2011-05-25,

Тайлагдашгүй нууц
Эх дэлхий нууцлаг зүйлээр арвин. Тэдгээр оньсогын олонхи нь цаг хугацааны уртад тайлагддаг ч боломжгүй гэгдэж буй олон нууц бий. 

Инкийн чулуу



Инкийн соёлын антропологич, доктор Хавьер Кабрерагийн эцэг 1930-аад оны эхэнд эртний инк үндэстний булшнаас хэдэн зуун гайхалтай чулуу олжээ. Доктор Кабрера эцгийнхээ ажлыг үргэлжлүүлэн өдгөө 500-1500 оны үед хамаарах нийт 1100 гаруй ийм чулуу цуглуулаад байна.

Ика хэмээх эдгээр чулуу зөвхөн Перугийн нэгэн агуйгаас олджээ. Чулууны гайхамшиг нь түүн дээрх дүрслээстэй зургууд юм. Морь унасан инк юм уу ацтек үндэстнүүд үлэг гүрвэлтэй тулалдаж, загас агнаж байгаагаас гадна үл таних мөхсөн амьтад, мэс засалчид болон одон орончдын дэвшилтэт ажил, од болон газрын зураг бий. Хамгийн хачирхалтай нь эрт цагт өнөөгийнх шиг хөгжилтэй байсан нь. Чулуунууд дээр зүрхний мэс засал, тархи шилжүүлэн суулгаж байгаа мөн хэдийнэ мөхсөн урт хүзүүт, гурван эвэрт, нисдэг үлэг гүрвэлийг андуурахын аргагүй тодоор дүрсэлсэнд байгаа юм. Энэ бүгдэд одоо ч олон орны эрдэмтэн судлаач итгэдэггүй.

Ховилтой металл бөмбөлөг



Сүүлийн хэдэн арван жилд Өмнөд Африкийн баруун хойд нутгийн газрын гүнээс уурхайчид үл мэдэх нууцлаг металл бөмбөлөг нэлээдийг олжээ. Бөмбөлөг бүх тал руугаа бараг инч (2.54 см) хэмжээтэй, төв хэсгээрээ параллель гурван ховилтой. Ийм хоёр төрлийн бөмбөлөг олдоод байгаа аж. Эхнийх нь цагаан толботой бол нөгөөх нь цагаан өнгөтэй хуурай нунтаг бодис дүүргэсэн нэг нүхтэй. Эх дэлхий, үл мэдэгдэх нисдэг биеттэй төстэй гэмээр бөмбөлгүүд 2.8 тэрбум жилийн настай болохыг эрдэмтэд тогтоосон байна.

Геологичид олон төрлийн химийн элемент бүхий шахалт сайтай, бараан улаан хүрэн, улаан, бүдэг улаан өнгөтэй бөмбөлгийг галт уулын чулуулаг гээд байгаль эх гэхээсээ хүн шиг оюун ухаант амьтны бүтээсэн зүйл гэдэгтэй санал нийлсэн ч чухам хэн ямар зорилгоор хийснийг одоо хэр нь тогтоож чадаагүй. Олдсон хотынх нь нэрээр Клерксдорпийн бөмбөлөг гэдэг.

Коста-Рикагийн аварга чулуун бөмбөг



1930-аад оны сүүлээр Коста-Рикагийн алс нутгийн бөглүү ширэнгэд морьтой очсон ажилчид аварга чулуунууд олжээ. Морь байтугай хүн нэвтрэхийн аргагүй өтгөн ширэнгэ байсан ч түймэрт талхлагдсан аж. Орон нутгийн эрх мэдэлтнүүд шатсан ойг гадилын тариалан болгохоор иргэдийг хөлслөн ажиллуулжээ. Теннисний бөмбөгөөс жижигхэнээс эхлээд 2.4 метр голчтой, 16 тонн жинтэй хүртэлх янз бүрийн хэмжээтэй чулуун бөмбөг байжээ. Эдгээрийг мэдээж хүний гараар бүтээсэн аж. Гэхдээ мөн л гарал нь тодорхойгүй.

Бүх тал руугаа 2.4 метр өргөн, 16 тонн жинтэй хамгийн том нь хүртэл ямар ч өөгүй, бараг төгс гэмээр бөөрөнхий хэлбэртэй байгаа нь хамгийн их сонирхол татдаг.

Наска цөлийн нууц

Өмнөд Америкийн баруун бөөрөнд орших Перу Улсын өмнөд хэсгийн Наска цөл хүн төрөлхтний нэгэн нууцыг тээн байдаг. Энэхүү нууц хэдийд, ямар учраас, яах гэж бүтээгдсэн нь одоо хүртэл тайлагдаагүй юм. Тиймээс ч уг археологийн олдвор эрдэмтдээс "мухардалд орсон оньсого" гэсэн нэр авчээ.



Хүний гараар бүтсэн энэхүү асар том "үзэсгэлэн"-г ЮНЕСКО хүн төрөлхтний соёлын өвд 1994 онд бүртгэжээ. Энэ бол тус улсын Наска болон Пальпа тосгодын хоорондох цөлийн чулуурхаг тэгш гадарга дээр зурсан олон тооны янз бүрийн дүрсүүд юм. Тэнд аалз, сармагчин, хүн, загас гээд төрөл бүрийн амьтдын 300 гаруй дүрсийг 80 гаруй км үргэлжлэх том талбайд тун эмх цэгцтэй эгнүүлэн зурсан байдаг. Эдгээр дүрсийг өнгөн хөрсний доод талын цагаан давхаргыг гартал зорж сийлсэн тул улаавтар туяатай газрын гадарга дээр тод ялгаран харагддаг.

Энэхүү нууцлаг "газрын үзэсгэлэн"-г 1930-аад оны үед иргэний агаарын тээврийн онгоцны багийнхан нислэг үйлдэж явах үедээ анх харж, илрүүлжээ.

Энд голчлон аалз, гүрвэл, эрээн далт бяцхан шувуу, сармагчин, тэмээн гөрөөс, төрөл бүрийн загас, хүн дүрслэгджээ. Хоорондоо учир хамааралтай мэт, нөгөө талаас үгүй мэт эдгээр дүрсийг юуны учир нямбайлан эмх цэгцтэй зурав гэсэн асуултад 80 орчим жилийн судалгаа хариулж чадаагүй л байна.



Бүтээсэн он цагийн хувьд тодорхойгүй ч эрдэмтдийн дийлэнх нь МЭӨ 400-аас МЭ-ий 650 жилийн хооронд энэ газар нутагт оршиж байсан соёл иргэншлийн өв гэж үздэг. Гэвч орчин үеийн дүрслэх урлагийн нэгэн төрөл хийсвэрлэх урлагийг тун чадварлаг ашигласан нь хугацааг нарийн тодорхойлоход саад учруулдаг.

Тухайлбал, нэг зурагт л гэхэд 365, түүнээс ч олон өнцөг, мушгиа, зиг заг хэлбэрийн дүрс ашигласан байжээ. Үүнээс шалтгаалдаг уу зарим аалз, сармагчин, гүрвэл бодит байдлаасаа хамаагүй том буюу 274 метр хүртэлх урттай дүрслэгдсэн байдаг. Гэхдээ трапец хэлбэрийн дүрс ашигласан бүтээлүүд илүү том, асар урт талбайг эзэгнэн оршдог бөгөөд энэ нь тухайн дүрслэгдсэн амьтныг шууд ялган танихад бэрхшээл учруулдаг аж. Тухайлбал, тас шувууг дүрслэхэд ашигласан эл дүрс гурав орчим урт км үргэлжилжээ.

Нууцаа тайлах дургүй эдгээр дүрсийг урт хугацааны турш энэ хэвээр нь хадгалах тохиромжтой газар Наскагийн цөлөөс өөр дэлхийд бараг үгүй. Учир нь энд жилийн турш нэг л удаа 20 минутын турш бороо ордог. Мөн өнгөн хөрс нь чулуурхаг, хатуу тул салхины хүч нөлөөнд бага нэрвэгддэг юм. Тэгэхээр өчүүхэн бага хур тунадас, салхи л дээрх зургуудыг үл ялиг элээдэг аж. Цаг уурын энэхүү тааламжит нөхцөл л олон зууны туршид эдгээр дүрсийг хэвээр нь хадгалж байгаа гэдэгт эрдэмтэд харин санал нэгддэг. Тэрнээс бүтээлүүд олон зууныг дамжин "урт наслахааргүй" хөрсөн дээр гүехэн зурагджээ.

Нууцаа задлах дургүй Наскагийн дүрсүүдийг ямар багаж зэвсгээр бүтээсэн нь мөн л тодорхойгүй. Гэвч үнэнд ойр байж болзошгүй нь гараар хийсэн болхи хийцийн модон хутга. Энэ талбайгаас хэд хэдэн ийм олдвор олдсон нь зарим эрдэмтдийг ийн таамаглахад хүргэсэн юм.

Юуны тулд, ямар зорилгоор ийм их хүч хөдөлмөр зарцуулан асар том талбайг зургаар гоёсон нь ч эрдэмтдийг маргалдуулдаг юм. Гэвч тэдний дийлэнх тэнгэрээс хур бороо, газраас өгөөж хишиг гуйсан зан үйлийн бэлгэдэл гэж үздэг билээ. Энэ хавийн улс, орнуудад эртнээс нааш аалз, шувуу, ургамал зэргийн дүрс нь элбэг дэлбэг, хангалуун сайхан амьдралын бэлгэ тэмдэг болсоор ирсэн юм. Мөн одон орны цаг тооны бичиг, газар тариалангийн усалгааны бүдүүвч зураг хэмээн таамаглах нь ч бий.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax