Сонин хачин

2011-07-23,
  Коста Рика нэрний учир
Коста Рика улс үзэсгэлэнт байгалиараа алдартай. Утаа суунаглуулах галт уулууд,  битүү ой, үзэсгэлэнт тал газруудтайгаас гадна олон төрлийн өвөрмөц ургамал, шувуудаар баялаг. Ойд нь амьтны аймгийн бүхий л амьтад байдаг аж. Тэгвэл Коста Рика хэмээх нэр хэрхэн үүссэн бэ?
1502 онд алдарт аялагч Христофор Колумбын багийнхан үл мэдэгдэх нэгэн эрэгт тулж иржээ. Эрэг дээр буусан далайчид тус нутгийнхныг ажиглавал хөлөөсөө толгой хүртлээ алтан эдлэлээр гоёсон байв. Энэ нутгийг алтны ордтой гэж бодсон испаничууд ухаангүй баярлахдаа Коста Рика буюу “Баян эрэг” гэж нэрлэжээ. Харамсалтай нь Коста Рика улс алт битгий хэл бусад ашигт малтмалаар тун хомс орон болохыг сүүлд мэдсэн гэдэг.

Усны байнгын эх үүсвэргүй орон

Саудын Араб улсын нутаг дэвсгэрт гол байтугай ундны ус болгочихоор байнгын эх үүсвэр заяасангүй. Борооны улирлын үед л голыг санагдуулам үерийн ус урсдаг ч удаан тогтдоггүй. Тиймээс ард түмнээ ундны усаар хангахын тулд далай, тэнгисийн усыг цэвэршүүлэх үйлдвэр болон гүний худгуудыг олноор нь барьж асуудлыг шийдэж байгаа аж.

Пейжерийн анхдагч зорилго
3Ойролцоогоор 50 жилийн өмнө Америкийн радиоинженер Ал Гросс радио холбооны талаарх төсөөллийг эвдэж, сая сая хүнийг хооронд нь холбох зүйл бүтээсэн нь пейжер байлаа. Уг нь энэхүү төхөөрөмжийг анхандаа өвчтөнүүдийг эмчээ яаралтай дуудахад ашиглах зорилгоор бүтээсэн байдаг. Тэгтэл эмч нар Гросст эмнэлэг рүүгээ байнга дуудагдахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ. Иийнхүү пейжер олон нийтийн дунд хэрэглээгээ олсноор 2001 он гэхэд 300 сая орчим хүн пейжерийн байнгын хэрэглэгч болсон түүхтэй.

Жинхэнэ Харри Поттер
4
Энэ залууг үнэхээр Харри Поттер гэдэг. Тэрбээр 1989 онд буюу алдарт “Харри Поттер” ном бичигдэхээс 9 жилийн өмнө төржээ. Тийм учраас 9 нас хүртлээ юу ч бодолгүй тайван амьдарсан. Харин үүнээс хойшх амьдрал нь түвэгтэй болж ирэв. “Эхэндээ би номын баатартай ижил нэртэй байгаагаа зугаатай зүйл гэж боддог байлаа. Харин одоо ёстой хэцүү байна. Хүмүүст нэрээ хэлэхээр зарим нь инээнэ, зарим нь уурладаг. Энэ ном гарахаас өмнө би төрчихсөн байсныг хүмүүс мартдаг бололтой” гэж Харри гомдолложээ. Багад нь түүнийг “Илбэчин Харри” гэж хочилдог байсан бол том болоод банкинд ажилд орохдоо өөрийнхөө жинхэнэ нэрийг батлах гэж нэлээд зовсон гэнэ. Харин ажилд авсныхаа дараа банкны удирдлагууд зөвхөн түүнд үйлчлүүлэгчидтэй утсаар ярихдаа нэрээ хэлэхгүй байхыг зөвшөөрчээ. Учир нь түүний нэрийг сонсоод тэд ихэд балмагддаг гэнэ.
Одоо Харри найз бүсгүйтэй бөгөөд түүнтэй анх танилцахдаа бас л асуудалтай тулгарч байсан аж. “Намайг нэрээ хэлэхээр хүмүүс огт итгэдэггүй. Тиймээс тэд нарт паспортаас авахуулаад төлбөрийн карт, жолооны үнэмлэх зэргээ үзүүлэхээс аргагүйд хүрдэг. Найз бүсгүйдээ ч би бас энэ бүхнийг үзүүлж байж итгүүлсэн шүү” гэж тэрбээр хэлжээ.

Бас нэг Харри Поттер
5
Израильд Харри Поттер хэмээх англи цэрэг агсны оршуулга бий. Рамле хотынхон 5 жилийн өмнө энэхүү оршуулгыг илрүүлснээр хотын удирдлагууд нь өдгөө жуулчдыг татах нэгэн эх үүсвэр болгожээ.
Английн цэрэг Харри Поттер 1939 онд “Хевроны дээрэмчдийн тулаан”-д оролцож байхдаа бүслэгдэн амиа алдсан аж. Энэ үед тэрээр ердөө 19 настай байжээ. Түүний оршуулгын дэргэд жуулчид зургаа авахуулах дуртай байдаг гэнэ.

Хамгийн олон гүүртэй хот
6
Дэлхийд хамгийн олон гүүртэй хот бол Германы Хамбург хот аж. Энэ хотод нийтдээ 2300 гаруй гүүр бий. Европын хэмжээнд энэ хотын дараа Голландын нийслэл Амстердам (1200), Италийн Венеци хот (400) болон Лондон ордог байна. Лондон хотод 30 гаруй гүүр байдгаас хотын төвд 12 нь байдаг аж.

Бидний махбодь юунаас бүрддэг вэ?
7
Хүний бие махбодид Д.Менделеевийн үелэх системийн маш олон элемент байдаг аж. Үндсэндээ химийн 24 элемент байдгаас дөрөв нь буюу хүчилтөрөгч, нүүрстөрөгч, устөрөгч болон азот их хэмжээгээр бий. Гэхдээ хүний биед үелэх системийн бараг бүх элементүүд устай нэгдсэн хэлбэрээрээ байдаг аж. Хүний биеийн жин, наснаас хамааран хэмжээ нь өөр өөр байна. Тоочвол: хүчилтөрөгч 65 %, нүүрстөрөгч 18.5 %, устөрөгч 9.5 %, азот 3.2 %, кальци 1.5 %, фосфор 1%, калий 0.4 %, хүхэр 0.3 %, натрий 0.2 %, хлор 0.2 %, магний 0.1 % байдаг аж. Бусад бичил элементүүд нь хүний биеийн жингийн 0.1 %-ийг эзэлдэг аж. Үүнд хром, кобальт, зэс, фтор, йод, төмөр, марганц, молибден, селен, кремний, тугалга, ванадий зэрэг элементүүд юм.

Товчхон
-Англичууд колони улсуудынхаа эсрэг хийж байсан дайндаа өдрийн 25 центээр цэрэг хөлсөлдөг байжээ.
-18 дугаар зуунд Английн хууль бус мөрийтэй тоглоомын газрууд цагдаа ирмэгц шоо залгидаг тусгай хүнтэй байсан гэдэг.
-Альберт Эйнштейн есөн нас хүртлээ ярьж чаддаггүй байжээ. Тиймээс эцэг эх нь түүнийг оюуны хомсдолтой төрсөн гэдэгт итгэлтэй байсан аж.
-Дэлхийн хөлбөмбөгийн бүх тэмцээнд алгасалгүй оролцсон цорын ганц орон нь Бразиль гэнэ.
-Эрдэмтэд өнөөг хүртэл нугасны дуу цуурай үүсгэдэггүйн учрыг олж чадахгүй байгаа аж.
-Бүх цагаан баавгай солгой байдаг гэнэ.
-Өглөөдөө алим идвэл кофе уухаас илүү сэргээдэг аж.
-1950 онд “Las Vegas Desert Inn” тоглоомын газарт нэг далайчин эр алгасалгүй 27 хожжээ. Ийм боломж хэдэн арван саяд нэг л тохиолдох боломжтой аж. Хэрэв тэр далайчин эр тоглолт бүрдээ бооцоо тавьсан бол 268 сая доллар хожих байв. Гэвч тэрээр нэлээд аймхай нэгэн байсан тул 750 доллар л авсан байна. Тухайн үеийн ханшаар бас тийм ч бага мөнгө биш байж. Түүний тоглосон шоонуудыг өдгөө дээрх тоглоомын газрын танхимд үзмэр болгон тавьсан байдаг аж.
-Боулингт арван кегли ашиглах явдал нь колонийн Америкт үүссэн бөгөөд хуулиас зугтахын тулд арав болсон түүхтэй. 18 дугаар зууны үед Америкийн Коннектикут муж “9 кеглитэй боулинг”-ийг хууль бус тоглоом гэж тогтоосон агаад тогтоолыг зөрчсөн хүмүүсийг шоронд хорих эсвэл дөнгөлж шийтгэдэг байжээ. Тиймээс энэ тогтоолоос зугтахын тулд боулингт дахин нэг кегли нэмж хуулиас зугтсан гэж хэлж болно. Энэ тоглоом тэр л хэлбэрээрээ дэлхий даяар түгсэн түүхтэй.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax