Хувцсаа хэрхэн тохируулах вэ?

2011-10-23,

Ажилд орох ярилцлагад орохдоо хэрхэн хувцаслах вэ

0

Эртний Хятадын Фэнгшүгийн сургаал, амьдралын бүх давхаргад, тэр дундаа бидний “давхар арьс” болсон хувцсанд ч хамаатай байдаг. Хувцасны хэв маяг, өнгө болон хувцсан дээрх зураг бидэн рүү тодорхой энергийг татдаг. Амьдралаа хэвийн болгож, өөрийн аз жаргалыг мэдрэхийн тулд, мөнгө болон сонирхолтой хүмүүсийг татахын тулд өмсөх хувцсаа сонгохдоо дор заасан хэдэн дүрмийг баримтлахад илүүц юун.

Хувцасны өнгө бүр ямар нэгэн бэлгэдлийг агуулдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, сонгож өмссөн хувцасны тань өнгө таны сэтгэл санаанд нөлөөлж, зохих байдлыг өөртөө татна.

Жишээ нь: улаан өнгө түрэмгий, няцашгүй бөгөөд тачаангуй байдлын бэлэг тэмдэг, цагаан нь баяр баясал, шийдэмгий байдлыг илтгэнэ. Хар өнгө нь оюун ухаан болоод бүтээлч байдлыг бэлгэддэг бол хөх өнгө нь амар тайван, ногоон нь нийцтэй бөгөөд шинэ эхлэлийг, шар өнгө итгэлийг, улбар шар нь алиа хошин байдлыг тодотгоно.

Ийм болохоор эрчүүдэд нүүр өгөхгүй байх, өөрийнхөө талаар хэтэрхий бүдүүлэг гэсэн сэтгэгдэл төрүүлэхгүй гэвэл улаан өнгийн хувцас бус харин хөх өнгийн хувцас өмсөөрэй. Тэгвэл эсрэгээр эргэн тойрныхондоо аятайхан сэтгэгдэл төрүүлж, тэдний нүдэнд итгэлтэй харагдмаар байвал цагаан өнгийг сонго. Шалгалт эсвэл ажилд орохтой холбоотой ярилцлагад хар өнгийн хувцсыг сонгосон нь дээр.

Хэрэв хэн нэгэнтэй шинээр ажил хэрэг эхэлж байгаа бол ногоон, найз нөхөд эсвэл ойр дотныхонтойгоо уулзахаар бол шар өнгийг сонгоорой. Таныг алиа хошин хүн юм гэсэн бодол төрүүлэх гэж байгаа бол улбар шар өнгөтэй хувцас өмс. Харин нөлөө бүхий хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэхийг хүсч байгаа бол энэ өнгөнөөс татгалзаарай.

Дашрамд хэлэхэд, фэнгшүгийн мэргэжилтнүүд улаан өнгийг хөхтэй, хар өнгийг цагаан болон алтлаг өнгөтэй, ногоон өнгийг улбар шартай хослуулахыг зөвлөдөг бол шар өнгө нь бусад ямар ч өнгөтэй зохицдог байна.

Хар өнгийн малгай өмсөх дуртай хүмүүст тусад нь анхааруулахад хар өнгө нь усыг илтгэдэг, харин толгой бол уулын оргил учраас тийм өнгөтэй малгайнаас татгалзах хэрэгтэй. Энэ хоёр энерги хоорондоо зохицохдоо муу байдаг аж.

Судалтай, тэр дундаа хөндлөн судалтай хувцас сонгохгүй байсан нь дээр. Судлууд биеийг хэдэн хэсэг болгон “хэрчиж” байдаг учраас таны бие махбодын гэрлэн бие /аура/ хэрчигдсэнтэй адил юм.

Дугуй, дөрвөлжин, ромбо, гурвалжин гээд геометрийн аливаа дүрсүүд ч өөрийн гэсэн онцлогтой. Эдгээр дүрс нь таны энергийн “тайрдсуудын” хувьд “занга” болдог байна. Болж өгвөл нэг өнгийн хувцас эсвэл жижигхэн цэцэг болон иш шилбэн хээтэй хувцас сонгоорой.

Арслан, ирвэс, могой зэрэг зэрлэг эсвэл хортой амьтны дүрс бүхий гоёл чимэглэлийн зүйлийг хувцсан дээрээ зүүх хэрэггүй. Одоо бар, ирвэсийн арьсыг дуурайлгасан хувцас, зүүлт чимэг моод болжээ. Эдгээр бэлэгдэл нь сөрөг энергийг татдаг бөгөөд өвчин тусах эсвэл таагүй явдал тохиолдох шалтгаан болдог учир татгалзсан нь дээр.

Хэлбэр

Олон эмэгтэй цэвэр гоо зүйн үүднээс хурц өнцөг гаргасан хэлбэртэй хувцас, гутал, зүүлт чимэг сонирхдог. Жишээ нь: гурвалжин өнцөг гаргаж зүссэн хэлбэртэй цамц, хадаасан өсгийтэй туфль, тэгш өнцөг хэлбэртэй цүнх зэргийг нэрлэж болох юм.

Гэтэл хурц өнцгүүд орон зайг “зүсч” байдаг. Энэ нь таныг тойрон хүрээлж буй орчинтой тань нийцтэй байлгахгүй. Тиймээс аль болох дугуй хэлбэртэй хувцас хэрэглэлийг сонгоорой. Өөгүй зуйван өндөг дэлхий ертөнцийн бэлэгдэл гэж зүгээр нэг хэлээгүй аж.

Гаж хэлбэртэй жишээ нь, нэг зах нь нөгөөгөөсөө урт хормойтой даашинз болон банзал, эсвэл этгээд хэв маягтай цүнх болон алчуур одоо үед моод болсон байна. Гаж хэлбэр таны аурад сөргөөр нөлөөлдгийг санаарай! Иймэрхүү хувцас болон эд зүйлсийг маш хүчтэй энергитэй хүмүүс л хэрэглэж болох юм.

Зохицол

Ямар нэг таагүй хар дурсамжтай холбоотой хувцас хэрэглэл сонгохгүй байсан нь дээр. Жишээ нь: шалгалтаа амжилтгүй өгсөн, болзоо бүтэлгүйтсэн эсвэл гашуудлын арга хэмжээнд өмсөж, зүүсэн хувцас хэрэглэл байж болох юм. Ийм эд зүйлсээ хаямааргүй байгаа бол нааштай үр дүн авчирч магадгүй уулзалт, арга хэмжээнд оролцохдоо өмсөж, зүүхээс татгалзах нь зүйтэй.

Харин сайн сайхан зүйлтэй холбоотой ямар нэг эд зүйлсийг байнга хэрэглэвэл зохилтой. Олон эмэгтэй “аз авчирдаг” даашинз, цамц эсвэл цүнхтэй байдаг.

Зүүлт чимэг

Зүүлт чимгийг өөрийн байгалийн махбодод тохируулан сонгох нь зүйтэй гэж фэнгшүгийн мэргэжилтнүүд зөвлөж байна.

Жишээ нь: та гал махбодтой бол үслэг эд эсвэл арьсаар хийсэн зүүлт чимэг танд тохирно. Усан махбодтой хүмүүс сувд эсвэл дун зэрэг гол устай холбоотой зүйлээр хийсэн зүүлт чимэг зүүх хэрэгтэй. Харин төмөр махбодтой бол зэс, алт, мөнгө зэрэг янз бүрийн төмрөөр хийсэн чимэг сонгоорой.

Өөрөөр хэлбэл, зүүлт чимгийн дийлэнх хэсэг нь таны махбодод нийцэж байх ёстой. Махбод нь мод болох хүмүүс юуны түрүүнд модон зүүлт чимэг тохирно. Модоор хийсэн бугуйвчийг жишээ нь эмэгтэй хүн бүр зүүдэггүй. Тиймээс зүүлт чимгийнхээ саванд өөрт тохирох наанадаж хоёр хос зүүлт чимэг байлгах хэрэгтэй. Тэдгээрийг таны энерги сул байгаа үед зүүгээрэй.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax