Чингис хаан

2012-01-16,

Одоогоос 850 жилийн тэртээ буюу 1162 онд тал нутгийн баатар Есүхэйн гэрт баруун гартаа шагайн чинээ нөж атгасан нэгэн хөвгүүн төрж, Тэмүжин хэмээн нэрлэгдсэн нь “өнөөгийн даяаршсан ертөнцийг үндэслэгч”, өрлөг түүхийн эзэн Чингис хаан байсан ажээ. Тархай бутархай оршиж, хоорондоо тэмцэлдэж байсан монгол аймгуудыг нэгэн төрийн жолоонд оруулж, улмаар Умард Алтан улсын хараат байдлаас гарч, тусгаар оршин тогтнох эрх, аюулгүй байдлаа хамгаалах хэрэгцээ шаардлага тал нутгийн нүүдэлчдийн өмнө тулгарсан түүхэн цаг үед Тэмүжин төрж өссөн юм.

Тэрбээр   төв Азийн нүүдэлчдийг нэгэн жолоонд нэгтгэх их үйл хэргийн төлөө бага залуу наснаасаа тэмцэж эхэлсэн билээ. Энэ тухай ахмад түүхч А.Амар абугай, “Чингис хаан болбоос хээр талын нүүдэлчин аймгийн нэгэн бүдүүлэг гэрт төрж, нялх бага цагт хоосон ядуугийн гачигдал ба бусдад баригдах, хоригдох зэргийн зовлонг үзэж агсан боловч, сайн эхийн мэргэн асралаар эндэгдэлгүй өсөж хүмүүжин чадсан ба бас ч Чингис өөрөө төрөлхийн эрэлхэг баатар, мэргэн бодлого бүхүй тул өчүүхэн наснаас эхлэн чадал сүр хөгжөөд, өрх гэрийг мандуулан, улс гэрийг эзэлж, Монгол угсаатны нэр сүрийг бүх дэлхий дээр өнө үүрд алдаршуулан чадсан бөлгөө” хэмээн бичсэн байна.

Тэмүжин 1170-аад оны сүүлчээс олон монгол аймгийг нэгтгэн захирахын төлөө тэмцлээ эхэлж, гучаад жилийн дотор 23 томоохон байлдааныг удирдан ялж, монгол туургатныг нэгэн дээвэр дор нэгтгэн “хагацсан улсаа хамтатгаж, бутарсан улсаа бөөгнөрүүлж” чадсан билээ. Ингээд III жарны улаан барс жил (1206 он)-ийн зуны дэлгэр цагт Чингис хаан Их Монгол Улсаа байгуулсныг даяар олонд зарлан тунхаглаж, Цагаан, Хар тугаа мандуулан, төрийнхөө гал голомтыг бадраасан түүхтэй. Энэ тухай “Монголын нууц товчоо”-нд “…эсгий туургатан улс энх шударга болж, барс жил Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт Цагаан тугаа мандуулаад Тэмүжинд Чингис хаан цол өргөв” хэмээжээ. Ийнхүү Их Монгол Улс байгуулагдсан нь монголын төдийгүй дэлхий дахины төр ёсны хөгжлийн түүхийн шинэ эриний эхлэл болсон юм.

Чингис хааны байгуулсан Их Монгол улс сая орчим хүн амтай, Хянганы нуруунаас Алтайн уулс хүртэлх 1600 км, Байгал далайгаас Их Цагаан хэрэм хүртэлх 900 км өргөн уудам нутаг дэвсгэрийг эзэгнэн оршиж байлаа. Чингис хааны байгуулсан Их Монгол Улс нь хэмжээгүй эрхт хаант засагтай байсан боловч ардчиллын олон бүрдлийг өөртөө агуулсан тун өвөрмөц шинж бүхий төр улс байв. Төрийн тэргүүн хаанаа сонгон өргөмжилдөг Их Хуралдай, Сэцдийн зөвлөл зэрэг ардчилсан шинжтэй зарим бүрдлийг өөртөө агуулсан, засаг захиргааны цомхон оновчтой бүтцийг бий болгожээ. Чингис хаан урьдын овгийн зохион байгуулалтыг бүрмөсөн эвдэж, цэрэг захиргааны нэгдмэл зохион байгуулалтыг тогтоон цэргүүдээ аравт, зуут, мянгат, түмт болгон зохион байгуулж шинэчилсэн нь түүний гайхамшигт амжилтынх нь нэг үндэс болсон юм.

Өөрөөр хэлбэл, Чингис хаан хүн ардаа цомхон зохион байгуулалттай бичил хэсэг аравт болгоод, эргээд тэднийг нийгэм-түүхийн олон сэжим холбоогоор нөхц өлдүүлсэн Монгол хэмээх нэгдмэл, бүхэллэг болгон зангидаж чадсан юм. Монгол төр, монгол үндэстний мандан цэцэглэлт, сүр хүчний гол үндэс нь бат тогтвортой төр, төрийн холч бодлого, төрийн жолоог атгасан их хаад, ихэс дээдсийн эрдэм билэг, эр цэргийн сүр хүч байв.  

-Чингис хаан монгол туургатныг нэгэн үзэл санаан дор нэгтгэж, ёстой “дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” болгож чадсан юм. Өөрөөр хэлбэл, Чингис хааны төрийн бодлого нь бат цул нэгдмэл үзэл онолд тулгуурласан байв. Төрийн энэхүү концепцийн гол үндэс нь “Мөнх тэнгэрийн хүч”-ний тухай онол юм. Энэ нь төрийн тэргүүн хааныг хүндлэн дээдлэх чин санаа, тулгар төрийн сүр хүч, төрийн алтан буулга мэт цааз эрхэмжтэй шүтэн барилджээ. Ялангуяа, 1206 онд Их Монгол Улс байгуулагдаж Тэмүжинг Чингис хаанд өргөмжилснөөс хойш дээд засгийн тухай тодорхой үзэл бүрнээ төлөвшив. Их хаан бол “дээд тэнгэрээс заяат төрсөн тэнгэрийн хөвгүүн” болох учир тэрбээр наран ургахуйгаас наран шингэхүй хүртэлх бүх улс орныг захирах ёстой хэмээн монголчууд үзэж байв.

Мөнх тэнгэрийн тухай энэ үзэл нь дэлхий нийтийг хамарсан даяаршмал шинжтэй байв. Тэнгэрийн үзэл нь монголчуудыг оюун санааны хувьд нэгтгэн, төрөө шүтэн биширч, түүний төлөө амь хайргүй тэмцэх хүсэл тэмүүлэлийг нь булгилуулж байв. -Чингис хааны улс төр, цэргийн бодлого нь эрдэм мэдлэгт суурилж байсан учир хүчтэй байсан юм. Чингис хаан эрдэмтэн мэргэдийг эрхэмлэн хүндэтгэж, уйгаржин монгол бичгийг төрийн бичиг болгон, төрийн сайд, цэргийн жанжиддаа бичиг эрдмийг сургаж, хишигтэн цэрэгтээ “бие бялдар, эрдэм сайтыг” сонгон авч байлаа. Тататунгаа, Елюй Чуцай зэрэг бичиг эрдэмт хүмүүсийг төрийн өнд өр албанд тохоон тавьж, төрийн түшээд, жанжин нартаа төр, цэргийн бодлого заалгаж байснаас гадна Чан Чунь бумба зэрэг олон улсад алдаршсан эрдэмтдийг залж авчран уулзаж байсан нь тэрбээр эрдэмтэн мэргэдийг хэчнээн их дээдэлдэг байсныг харуулна.

Төрийн хууль цааз, шаштир түүхийг бичиж тэмдэглэх болсон байна. Чингис хаан улс төрийн шаггүй бодлоготон, эрдэмтэн мэргэдийг багтаасан “Сэцдийн зөвлөл” байгуулж, тэдний санаа бодолд тулгуурлан төрийн хэргээ шийддэг байсан бол хожим нь Хубилай хааны үед Монголын анхны шинжлэх ухааны хүрээлэнг байгуулсан түүхтэй. Чингис хааны үед тал нутгийн монголчуудын дунд улс төр, цэрэг, эдийн засаг, хууль цааз, байгаль газар зүйн зэрэг олон төрлийн мэдлэг ухаан түгэн дэлгэрч байв. Ийм эрдэм мэдлэггүйгээр монголчууд дэлхийг нэгтгэн захирах боломжгүй байсан нь ойлгомжтой билээ. Чухамхүү Их Монгол Улсын үед “Монголын нууц товчоо” хэмээх алдарт бүтээл бичигдэв. Энэ сурвалж бичиг бол тухайн үеийн монголчуудын дунд бичиг үсэг, эрдэм ухаан булиглан цэцэглэж байсныг нотлох, тэдний оюун санааны сонгодог бүтээл мөн юм.

Чингис хаан цэргийн эрдмийг эрхэмлэн дээдэлж, энэхүү эрдмийг гойд сурсан хүнийг “хав хүч эрдэмт” хэмээн хүндэлж, төрийн өндөр дээд албанд тохоон томилж байсан юм. Ийнхүү Чингис хаан бичиг, цэргийн эрдэм ухааныг тэгш хөгжүүлж, эрдэм билэгт хүмүүсийг түшиглэсэн нь төрийн хүч чадал, сэргэн мандлын нэг үндэс болсон юм. -Чингис хааны ялалт амжилт, төр улсынх нь сүр хүчний нэг гол ундарга нь нийгмийн харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн хэм хэмжээг тогтоон чанд мөрдүүлсэн явдал юм. Чингис хаан Шихихутагийг Төрийн их заргачаар томилж, нийгмийн олон талын харилцааг зохицуулсан “Засаг” хэмээх нэгдмэл хууль гарган мөрд үүлжээ.Академич Ж.Болдбаатар нэгэн бүтээлдээ, “Их засаг хууль бол дэлхийн соёл иргэншлийн түүхнээ бүхэл бүтэн нийгэм, улс төрийн байгуулал бүрэлдэн төлөвшихэд томоохон үүрэг гүйцэтгэсэн эртний Вавилоны Хаммурапийн хууль, Энэтхэгийн Манугийн хууль зэрэг алдартай хуулиудтай эн зэрэгцэхүйц ач холбогдолтой цааз-эрхэмжийн нэн чухал баримт бичиг юм” хэмээн дүгнэсэн байна. Энэ хуулийн зарчим, үзэл санаа зөвхөн Монгол нутагт төдийгүй ертөнцийн талыг эзэгнэсэн их гүрний хэмжээнд үйлчилж, төр, нийгмийн харилцааг зөвхөн хуулийн хүрээнд зохицуулж байсан учир Монголын төр хүчтэй байсан юм.

Чингис хаан цэргийн хууль цаазыг хөгжүүлэхэд онцгой анхаарч олон зарлиг, цааз гаргаж байсан төдийгүй 1206 онд “Хишигтэн цэргийн тухай хууль” гаргаж, “энэ хуулиар тийн хийтүгэй” хэмээн зарлиг буулгасныг “Монголын нууц товчоо”-нд бичиж үлдээжээ. Чингис хааны тогтоосон хууль эрх зүйн систем нь хүчтэй бөгөөд шударга байж, бүх нийтэд адил тэгш үйлчилж байсан учир Их Монгол улсын төр хүчтэй, ард түмэн нь төрд өө итгэлтэй, төрөө дээдлэн шүтдэг байсан юм.

-Чингис хаан төр, цэргийн үйл хэрэгтээ шударга ёсыг эрхэм болгож байв. Тэрбээр шударга үнэний төлөө дайснаа ч өршөөж, шударга бус явдлын төлөө нөхрөө ч егүүтгэж чаддаг байсан нь гайхалтай. Эрдэм чадалтай, өөртөө итгэлтэй хүн шударга бөгөөд үнэний талд бат зогсож чаддаг, харин эрдэм чадалгүй, хүч чадалгүй, өөртөө итгэлгүй хүн шударга үнэнийг хамгаалж чаддаггүй байна. Иймд Чингис хаан шударга бөгөөд үнэнч хүнийг бүх талаар дэмжиж, тэдэнд эрх мэдэл олгож, өндөр сууринд тавьж байсан юм. Чингис хаан алдар нэр, албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй урван тэрслэгчдийг өөрөөсөө холдуулж, гагцхүү шударга үнэнч хүмүүст итгэн найдаж, тэднээр өөрийгөө хүрээлүүлж чадсан учраас гайхамшигт амжилт олсон юм. Чингис хааны “дөрвөн хүлэг баатар”, “есөн өрлөг сайд”-ын хэн нь ч гэсэн угсаа залгамжилж буюу эд хөрөнгөөр төрийн өндөрл өгт гараагүй, гагцхүү эрдэм чадлаараа, төрдөө, эзэн хаандаа үнэнч шударга зүтгэсэн гавьяа зүтгэлээрээ шалгарсан хүм үүс байсан билээ. “Шударга төр” хэчнээн хүчтэй байдгийг бид энэ л түүхээсээ ухаарч, өнөөгийн Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох явдал юу юунаас чухал байна.

-Чингис хааны байгуулсан Их Монгол улсын төрийн бодлогын нэг онцлог давуу тал нь монгол хүнийг хамгаалж, хөгжүүлж, монгол хүний нэр хүнд, эрхэм чанар, оюун ухааныг дээдэлдэг байсанд оршино. Чингис хаан хүнийг угсаа гарвал, овог аймгаар нь ялгаварлахгүй тэгш хандаж, нийгмийн халамж анхаарлыг үзүүлж, амьдралын баталгааг нь хангаж өгдөг байжээ. Монгол хүний амьд явах, шашин шүтэх, өмчлөх, үг хэлэх зэрэг эрхийг хуулиар хамгаалж, амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэхэд төрөөс онцгой анхаарч байв. Ялангуяа, төрд үнэнч зүтгэгсэд, цэргийнхнийг онцгой анхаарч байв. Чингис хаан тэдэнд байнга анхаарал тавьж, төрийн хайр хишгийг харамгүй хүртээж байсан төдийг үй зарим онцгой гавьяа байгуулсан хүмүүсийг есөн удаа осол гаргахад ял хэлэлцэхг үй болгон дархалж байв. Чингис хаан тусгай сан байгуулж, өнчин ядуус, дайнд амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийг насан туршид нь тэтгэж байжээ. Эмэгтэйчүүд, ахмад хүмүүсийн эрх, эрх чөлөөг дээдэлж, төр нь тэднийгээ сонсдог, анхаарал халамж үзүүлдэг байв. Жараас дээш настнуудад төрийн хишиг хүртээж, эрдэм билиг, ухаантай өндөр настныг “Төрийн бэхи” өргөмжилж, цагаан дээл өмсгөж, цагаан морь унуулж, өндөр сууринд залан, төрийн бодлого, шийдвэрийг боловсруулахдаа тэдний санал зөвлөгөө, ухаан бодлыг нь шингээдэг байсан ажээ.

-Чингис хаан эв нэгдлийг эрхэмд үзэж байсан нь төрийн хүч чадлын нэг ундарга болж байв. Тэрбээр 1206 онд хаан ширээнд суугаад томилсон 95 мянганы ноёдын дотор 40-өөд овгийн төлөөлөл орсон байна. Энэ нь Их Монгол улсын төр үндэсний эв нэгдлийг дээдэлж байсныг гэрчилнэ. Монголын олон овог аймгууд засаг захиргаа, эдийн засаг, оюун санааны хувьд бат цул нэгдэлтэй байж, адил тэгш үүрэг, хариуцлага хүлээж, эрх эдэлж байсан учир Монголын төр хүчтэй байсан юм. Төр улс, түмэн олны эв нэгдэлд харшилсан аливаа үйлдлийг Чингис хаан цаг алдалгүй таслан зогсоож, үндэсний эв нэгдлийн эсрэг үйл ажиллагаа явуулсан ямар ч хүнийг хатуу цээрлүүлэн шийтгэдэг байв. Үүний тодорхой жишээ нь их зайран Тэв Тэнгэрийн хувь заяа юм. Чингис хааны улс төрийн бодлогын амин сүнс нь улс үндэстнийхээ аюулгүй байдал, өнө удаан оршин тогтнох эрхийг нь хангах явдал байсан юм. Чухам энэ үүднээс тэрбээр хөрш зэргэлдээ Алтан, Сартуул, Тангуд улсыг байлдан дагуулсан юм.

 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax